Дунд сургуульд сурч байгаа сурагчид сургуулиа төгсөхдөө Монгол орныхоо аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газруудад ядаж нэг удаа очиж үзээд төгсчихдөг бол их зүгээр юм шиг санагддаг.
Жишээ нь, Хархорин бол Монголын болон дэлхийн түүхийн чухал газруудын нэг. Жуулчид их очдог газар. Мөн Монгол хүн бүр л очиж үзэх ёстой газруудын нэг билээ. Хэрэв дунд сургуулийн түүх, газар зүйн хичээлийн хөтөлбөрт очих ёстой гээд оруулчихвал сургуулийн багш нар аялалын хөтөлбөр зохиогоод жил бүр аялвал сурагчдад маш сонирхолтой байх болно. Уг аялалаас сурагчид тухайн очих газрынхаа тухай урьдчилан маш их судлан, мэдсэн байх хэрэгтэй болно. Багш нь маш их мэдээлэл өгч, түүхийн ач холбогдол, бидэнд үлдээж буй өв соёлын давуу тал гээд олон зүйлийг зааж өгөн дурдаж болно. Танхимд суугаад хичээл сонсох нь маш идэвхгүй аргуудын нэг. Ингэж бэлдэж явах нь маш их идэвхтэй сурах арга ба тухайн сурагчид хэзээ ч мартагдашгүй дурсамж болон үлдэнэ. Аялж байх замдаа ангийнхантай дотно сайн найзууд болж, нөхөрлөнө. Тухайн очсон газраа дурсамжтай зураг, бичлэгийг хүүхдүүд мэдээж тасралтгүй хийнэ. Түүхийн сайн сайхныг сурахаас гадна зам дагуу олон зүйлийг багш хөтөлбөртөө оруулан зааж болно. Очсон газраа хэрхэн хайрлан хамгаалах, хог хаяхгүй байхын ач холбогдол гээд ёс суртахуун, биеэ авч явах байдал, хүмүүжлийн тухай олон зүйлийг давхар зааж болно. Ингэснээр тухай хүүхэд хэзээ ч марташгүй гайхалтай зүйлсийг сурах бөгөөд том болсон хойноо гэр бүл, найз нөхөд, гадна, дотны олон хүмүүстэй аялах үедээ энэ бүхнээ санаж, сурсан мэдсэнээ ашиглан мэдлэгээ хуваалцах боломж олон гарах нь дамжиггүй. Мэдээж дараагийн үедээ хог хаяхгүй байх талаар, аялалын үед хэрхэн зөв бие засах гэх мэт олон зүйлийг багадаа сурснаараа зөвөөр зааж өгөх нь тодорхой. Ингэж чадвал бид хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг түүх, газар зүйн хичээлээр дамжуулан сурган хүмүүжүүлэх боломжтой байх болов уу гэж бодном. High school geography and history class idea by Tserennyam Sukhbaatar is marked with CC0 1.0
0 Comments
Leave a Reply. |
архив |