Ер нь эмнэлэг явахыг хүсдэг хүн байхгүй байх. Үнэхээр л хүндээр өвдөөгүй бол. Эмнэлэг бага явахыг хүсвэл спортоор л илүү их хичээллэх хэрэгтэй юм шиг санагдах юм. Нэг л арга зам, санаа төдий юм л даа. Хүмүүс хувийн эрүүл мэндээ зөв, сайн авч яваад сурчихвал эмнэлэг рүү хүнд өвчнөөс бусад үед бол явах шаардлага гарахгүй.
Энэ талын боловсролыг л багаас нь бүх нийтэд олгож өгмөөр санагдах юм. Энийг л дэмжмээр санагдаад байгаа юм даа. Тэгвэл эмнэлэгт зөвхөн хүнд өвчтэй хүмүүс л очиж, эмч нарын ч ачаалал багасч, зөвхөн нарийн мэргэжлийн ажлаа төвлөрч сайн хийж, анагаах ухаан нь хөгжмөөр. Урьдчилан сэргийлж, энэ талын боловсролыг нэмэхийн тулд хаа сайгүй гудамжны сагс, хөлбөмбөг, теннисний талбай байгуулчих хэрэгтэй. Боломжтой бол усан сангуудыг дүүрэг, аймаг, хороо бүрд нь бариад өгчих. Энд тэндгүй турник зоочих. Фитнес төвүүд олон тусмаа л зүгээр. Бүх дүүрэг, хот, хороогоо дугуйн зам, гүйлтийн замаар холбочих. Тэгвэл машин бус дугуй, бас янз бүрийн ролик, скүүтэр гээд л ёоз ёозоор нь унана. Тэгээд дээрээс нь бүх төрлийн спортын тэмцээн, арга хэмжээг бүх насныханд зориулаад байнга зохиодог бол бүр сайн. Чаддагууд нь цаашаа олимп, дэлхийн аваргадаа оролцоод мэргэжлийн тамирчид болно биз. Үгүй гэснүүд нь ядаж л эрүүл саруул, бие бялдрын хүмүүжилтэй болоод кайф аваад явж байг л дээ. Компаниуд ч гэсэн энэ чиглэлээр нийгмийн ажлуудаа хийвэл зүгээрсэн. Та ч гэсэн өөрийн амьдарч байгаа хороо, СӨХ зэргээсээ хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг сайжруулахыг байнга шаард. Тэгвэл хаа сайгүй хүүхэд, өсвөр үеийнхэн, гэр бүлүүд цагаа зөв сайхан өнгөрүүлэх зүйлс олон болно. Энд тэнд байр авах бол тоглоом болон спортын талбай байгаа эсэхийг нь байнга лавлаж бай. Ийм юм байхгүй бол битгий ав. Хүнээ боддоггүй л байхгүй юу. Мөн спортлог хүн чинь дагаад янз бүрийн утас, дэлгэцнээс хамааралтай нь багасч бөгтийж суугаад, нүдээ чилтэл юм үздэг нь багасч хэдэн дасгал хөдөлгөөн хийнэ дээ. РС тоглоомын газар цаг үрлээ гэж хүүхдүүдээ загнах нь багасна даа. Жишээ нь, гудамжинд явж байгаа хөвгүүд охидуудыг хараад хөөрөөд турник дээр хэд суниахаа бодно. Шийдэн дээр очоод гайгүй шидэж гайхуулмаар санагдана. Зургаан үеийн булчин, гуалиг сайхан биеэрээ гайхуулахаа бодно оо. Өрсөлдөж найзаасаа илүү гарахын тулд илүү цагаараа фитнес, жиймд явж эхлэнэ шүү дээ. Албан газрууд бас ажилтнууддаа зориулаад спортын өрөө биш юм аа гэхэд ядаж ширээний теннис, турник байрлуулчих хэрэгтэй шүү дээ. Бүр боломжтойнууд нь йог, бясалгалын өрөөтэй байсан ч яах вэ дээ. Ажилтнуудын бүтээмж, хоорондын багийн ажиллагаа эрс сайжирна шүү дээ. Ууланд гардаг зам, 00, хогны асуудлыг улс, хот, дүүрэг нь шийдчихвэл бас л эко спорт болно доо. Дунд сургуулиуд нь бүх төрлийн спортын лигийн тэмцээнтэй болчихвол хичнээн сайхан. Үнэндээ энэ чинь л урт хугацаанд эмнэлэг явах цагийг нь багасгаж өгнө шүү дээ. Хажуугаар нь зөв хоололт, мацаг барилт энээ тэрийг нь дунд сургуульд заагаад чиглүүлээд өгвөл ч эрүүл үндэстэн болчихоор харагдаад л байгаа юм. Ирэх жилийн сонгуулиар нэр дэвшигчид янз бүрийн хоол унд өгье гээд байвал зөрүүлээд ядаж нэг турник, сагсны шийд бариулахыг бодоорой. Ходоодонд ороод 2 хонохгүй юмаар яах билээ. Харин хэдэн жил эрүүл амьдрахын тулд жаахан ч гэсэн дасгал хийлгэхэд дэмнээд өгөх юмтай болсон нь дээр байлгүй дээ. Ер нь тэгээд бүгд спорт, эрүүл мэндийн талаар гайгүй сайн ойлголттой болчихвол утаа мутаа, мод бут, зүлэг навч, цэцэг гээд бүр л их шаардаж эхлэнэ дээ. Аз жаргалтай хотыг бий болгоход аймар лаг усан оргилуур нтр биш спортоор ингээд шийдэж болохоор л харагдаад байгаа. Бүгдээрээ спортлог байцгаая. #спорт #эрүүлмэнд #турник #хөлбөмбөг #сагс #сэлэлт #уулынспорт #унадагдугуй #теннис #йог #лигийнтэмцээн
0 Comments
Leave a Reply. |
архив |