Өнөөдөр дэлхий дээр ойролцоогоор 2 тэрбум хүн Англи хэлээр ярьдаг. Англи хэл бол дэлхийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэл. Олон улсын бүх нислэгүүдийн албан ёсны хэл нь Англи хэл байдаг. Мөн улс дамжсан бүх бизнесийн гэрээ Англи хэл дээр хийгддэг. Дэлхийн 52 улс Англи хэлийг албан ёсны хэлээ болгон ашиглаж байна.
Монгол улс хөгжихийн тулд Англи хэлтэй хүмүүсийнхээ тоог нэмэх хэрэгтэй. Ингэж чадвал хүмүүс мэдлэг, мэдээллээ өөрсдөө интернэтээс шууд олоод авах боломжтой болно. Ямар нэгэн засвар орсон, эх сурвалж нь тодорхойгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг авахгүй гэсэн үг. Мөн ажил хийх, санхүүгийн хувьд бие даах илүү боломжууд гарах болно. Жишээ нь, Монголоос шууд гадны компаниудад оутсоурсинг хийн ажиллах боломжтой болно. Дизайнерууд эх орноосоо гадны компаниудын эхийг бэлтгэж, янз бүрийн анимэйшн кино студид хийж, эмч нар гадны эмнэлэгүүдэд онош гаргаж өгөн, зайнаас Монгол хэлээ зааж, математикийн хичээлийг ч заан, Йогийн хичээлээ ч Монголоос онлайнаар орж хэрэглэгч олж болно. Энэ бол Англи хэлтэй болсноор бидэнд олдох боломжуудын зөвхөн нэгээхэн хэсэг нь. Уг нь дунд сургуулиа төгсөхдөө бүх төгсөгчид Тоефлийн 100, IELTS-ийн 7.5 оноотой төгсөнө гэдэг шаардлага ч тавьчихвал зүгээр юм шиг. Бүх хүүхэд л дээрх онооны шаардлага хангасан сертификатаа авчихсан байвал дэлхийн аль ч их дээд сургуульд хүссэнээрээ суралцах үүд нээгдээд л явчихна. Гадагшаа сургуульд 3-4 жил сурч байгаа залуус 7 хоногт 20+ цагийн ажил хийгээд ирэхэд сургуулиа төгсөх жилдээ байрны мөнгөны урьдчилгаагаа өлхөн олоод ирнэ. Үгүй ядаж ажлын туршлагатай болчихно. Эсвэл төгсөлтийн дараах амьдрал уруугаа ороход бэлэн болчихно. Монголд ийм боломж нь хомс. Энэ бүгд зөвхөн Англи хэл сурснаас тухайн хүүхдэд ирж буй гайхалтай боломжуудын нэг хэсэг нь. Мэдээж хүсвэл сургуулиа төгсөөд дэлхийн шилдэг компанид ажилд орох эсвэл өөрийн гэсэн мөрөөдлийн компаниа эсвэл төрийн бус байгууллагаа бий болгож дэлхийг өөрчлөх бүрэн боломж бий. Үүний тулд зүгээр л Англи хэлээ сурчихвал боломж үлэмж ихээр нэмэгдэнэ. Бага, дунд сургуульд байхад нь л хүүхдүүдийг дэмжин Англи хэл сурах боломжуудаар нь хангах хэрэгтэй. Мэдээж зардалтай гэх шалтгааныг олон нь хэлдэг байх. Гэхдээ интернетээр дүүрэн үнэгүй боломжууд байна шүү дээ. Бас Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны олон улсын байгууллагуудтай хамтраад Англи хэлтэй багш нарыг нь үнэ төлбөргүй эсвэл зардал багатайгаар заалгах боломжууд маш их байдаг. Мөн тасралтгүйгээр сурагчдын дунд төрөл бүрийн Англи хэлний олимпиадууд, хөгжилтэй тэмцээн гээд олон зүйлийг тасралтгүй, сонирхолтойгоор хийвэл сурагчдын тоо нэмэгдэх нь дамжиггүй. Саяхнаас гадны их дээд сургуулиудтай хамтраад зайнаас Англи хэлийг сумын төвд хүртэл заах боломжууд бий болж байна. Жишээлбэл, Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгэн сургууль АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн мэргэжлийн Англи хэлний багшийн ангийн төгсөх курсын оюутнуудаар ярианы Англи хэлээ алсын зайнаас заалгаж байна. УБ хотод бол Оюунлаг, Шинэ Монгол сургуулиуд энэ боломжийг ашиглаж байх жишээний. Мэдээж ямар ч зардал гарахгүй. Бид өөрсдөө хүсэх л юм бол асар их боломж байна. Гол нь бид өөрсдөө Англи хэл сурч, өсч хөгжих сонирхол хэр байна вэ? Монгол улс ядуурлаас гарахыг хүсвэл Англи хэлийг албан ёсны хэлээ биш гэхэд нийтээрээ асуудалгүй хэрэглэдэг болчихвол шал өөр түвшинд очно доо.
0 Comments
Leave a Reply. |
архив |